Амьдралын хэв маяг

Амьдралын өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх тухай

АХЭ-тэй хүмүүс өдөр тутмын дассан хэв маяг өөрчлөгдөхөд тавгүйрхэж, бухимддаг. Энэ нь тэдний өөрчлөлт, шинэчлэлт, гэнэтийн зүйлд өөрийгөө зохицуулж амьдрах чадвар алдагдалтай байгаатай нь холбоотой. Өдөр болгон тогтсон өдрийн дэглэм хуваарь алдагдахад, өрөө болон гэрийнх нь тавилга байрлалаа өөрчлөхөд тэд үнэхээр энэ бүхэнд зохицох гэж тодохой хугацаагаар стресстдэг. Аливаа өөрчлөлт шинэчлэлтийг хийхдээ тэдэнд аль болох эртхэн урьдчилж мэдээлэл өгч анхааруулах зайлшгүй хэрэгтэй. Дасан зохицож тэдэнд хүлээж авах хугацаа шаардлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн гэр бүлд ч бас багагүй амьдралын тохируулга өөрчлөлтүүд ордог. Тэд юу болох гэж байгаа, болох гэж байгаа зүйлсийн дараалал, цаг хугацааг ойлгодоггүй. Тиймээс учир нь олдохгүй эмх замбараагүй энэ ертөнцөд хэрхэн зохицож амьдрах нь АХЭ-тэй хүүхдийн бэрхшээл юм.

Хүүхдэд аливаа үйл явдал хэзээ болох, хэрхэн болохыг тодорхой хэмжээнд хянах боломж өгч, таагүй нөхцөл байдлаас гарах шаардлагатай байгаагаа илэрхийлэх, зохистой аргыг эзэмшүүлэх хэрэгтэй. АХЭ-тэй хүүхэдтэй болсон гэр бүлүүд амьдралын эерэг сөрөг олон өөрчлөлтийг мэдэрнэ. Жишээ нь: эцэг эхчүүд аав ээж болохын үүрэг хариуцлагыг дахин гүн гүнзгий ухамсарлана, хүсэл, зорилго, үүрэг роль өөрчлөгдөнө, урьд нь 7 хоногт нэг удаа гэр бүлээрээ ресторанд орж хооллодог байсан бол тэр давтамж холдож магадгүй: нам гүм чимээгүйхэн, гэр бүлийн бүх гишүүддээ тавтай тухтай орчинг илүүд үздэг болох ч юмуу, амьдралын илүү эрүүл эко хэмнэл, хэрэглээг илүү чухалд эрхэмлэдэг болох гэх мэтчилэн айл бүрт маш олон янзын эерэг сөрөг өөрчлөлтүүд гардаг.