Боловсрол

[vc_row][vc_column][vc_column_text]

Албан боловсрол

Eрөнхий боловсролын сургууль

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад иргэний хамт сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхтэй бөгөөд бүх шатны боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж заасан байдаг.

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр 2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1087 хүүхэд цэцэрлэгт, 6518 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд тус тус суралцжээ. Гэвч дээрх тоонд ЕБС, тусгай сургуульд суралцаж байгаа аутизмтай хүүхдүүдийн статистик  мэдээлэл хараахан ороогүй байна.

2019 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдснаар хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харъяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдсэн билээ.

ЕБС-ийн сургуулийн багш нарт аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт явагддаггүй,  багш нарт дээрх хүүхэдтэй ажиллах арга зүй дутмаг байдаг. Монголын Аутизмын холбоо, БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах үүднээс багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтыг хамтран зохион байгуулж Улаанбаатар хотын 1,000 багшийг хамруулахаар төлөвлөсөн юм.

Энэ төлөвлөгөөний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Аутизмын Холбоо, “Гэрэлт Оюун хүүхдүүд” ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг 2019 оны 11-р сараас зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтад Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш нийт 385 хүн хамрагдаад байна.

Мөн 21 аймгийн Боловсролын хэлтэст энэхүү хичээлийн видео хичээл хүргэгдэж байгаа бөгөөд ингэснээр орон нутагт амьдарч байгаа аутизмтай хүүхдүүд харьяа ЕБС-д хамрагдах боломжтой болох юм.

“Тэгш хамруулах боловсрол” гэдэг нь хүйс, хэл соёл, амьдран суугаа газар, хөгжлийн болон суралцахуйн бэрхшээл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа хүүхдийг сургууль болон боловсролын бусад байгууллагуудад хамруулах үйл ажиллагаа юм. Тэгш хамруулан сургах боловсрол нь хүн бүхнийг чанартай боловсрол эзэмших боломжоор хангах тухай ойлголт юм.

Монгол Улсын Боловсролын тухай хуульд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нь зохих дүрэм, журамд заасны дагуу сургуулийн төрөл, хэлбэр сонгох, боловсролын байгууллага, багш нарт хүсэлт гаргах, хүүхдийн мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэл зүйн нөхцөл байдлын талаарх багш болон боловсролын байгууллагын гаргасан үнэлгээг олж авах эрхтэй.

Мөн эцэг, эхчүүд:

  • хүүхдийн хөгжлийн эрт үеэс эхлэн авьяас, чадварыг нь дэмжих,
  • боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх,
  • хүүхдэд мэргэжлээ сонгоход нь туслах,
  • боловсролын үйл ажилагаатай холбоотой багш, боловсролын байгууллагын шаардлагыг биелүүлэх,
  • хүүхдийг 16 нас хүртэл заавал хамрагдах суурь боловсрол эзэмших боломж бүрдүүлэх,
  • хүүхдийг боловсролд сонирхолтой байх зорилго чиглэлд, харш үйлдэл гаргахгүй байх,
  • гэрийн нөхцөлд хүүхдийг сургах ур чадвар эзэмших,
  • хүүхдийг боловсрол эзэмшихэд нь байнга туслах, дэмжих,
  • хүүхдийн сурлагын талаар мэдээлэлтэй байх,
  • насанд хүрэх болон бусад үр дүн гаргахад шаардлагатай өсөлт, авьяасыг дэмжих,
  • хүүхдийн сурлага, авьяас чадварыг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар боловсролын байгууллагатай хамтран ажиллах, гэрээ байгуулах зэрэг үүрэгтэй байна.

Ерөнхий боловсролын тусгай сургууль

Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагч хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн харилцан ялгаатай хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэдний сурч боловсрох эрхийг нь дэмжин ажиллаж байна.

Улаанбаатар хотод оюуны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд хүлээн авдаг 4 тусгай сургууль бий. Эдгээр тусгай сургуулиудад “Эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн зөвлөл ажиллаж байна.

63-р тусгай сургуульХан-Уул дүүрэг, 4-р хороо             11-379474

70-р тусгай сургуульБаянгол дүүрэг, 18-р хороо  11-70144106

25-р тусгай сургуульСүхбаатар дүүрэг, 8-р хороо11-326354, 11-320868

25-р сургууль нь 1967 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөг хүртэл өөрсдийн боломжоороо оюуны болон бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.  Хөгжлийн бэрхшээл нь хүндэрч, хавсарсан байх тусмаа орчны сайжруулалт хийх хэрэгцээ нэмэгдсэн бөгөөд цахилгаан шаттай болох шаардлага тулгамдаад байсан  ажээ. Тус сургуульд  нийт 250 гаруй сурагч суралцаж, 56 багш ажиллаж байна.

55-р тусгай сургуульБаянзүрх дүүрэг, 13-р хороо11-455447, 11-451594

2018 оны байдлаар 55 дугаар сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй, Дауны хам шинж, аутизмтай 487 сурагч суралцаж, 94 багш ажиллаж байна. Монгол улсад анх удаа

  • Монголын Аутизмын Холбоотой хамтран байгуулсан аутизмтай хүүхдэд зориулсан зориулалтын анги,
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв,
  • Монголын Аутизмын Холбоотой хамтран байгуулсан тайвшруулах өрөө,
  • Монголын Аутизмын Холбоотой хамтран байгуулсан мэргэжлийн сургалтын “Зочид буудлын үйлчлэгчийн анги ”,
  • ”Хоол нарийн боовны анги”,
  • Хэл заслын өрөө
  • Хөгжимт хэл заслын өрөө,
  • Багш нарын хөдөлмөрийг хөнгөвчилсөн “Сургалтын хэрэглэгдэхүүний өрөө”,
  • ХБХ-ийн “Хүүхэд хөгжлийн төв”,
  • “Зөвлөгөө өгөх төв”-ийг шинээр байгуулж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эцэг эх, олон нийтээс өндөр үнэлгээ авч байна.

 

БСШУСЯ-ны судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, бага сургуульд хамрагдаж байгаа бөгөөд сургуульд дэвшин суралцаж байгаа нь 14 хувь байна. Хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой нь илэрсэн ч шаардлагатай хөгжлийн дэмжлэгийг хүлээн авч чадахгүй байх, гэр бүлийн дэмжлэгийн тогтолцоогүй байх, сургууль хүлээн авч суралцуулах тогтолцоогүй байх зэргээс шалтгаалан хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байдалд хүрдэг. Сургуульд хамрагдсан ч хэрэгцээндээ нийцсэн боловсрол эзэмшиж чадахгүй сургуулиас гарах  тохиолдол ч цөөнгүй байсаар байна.

Боловсролын тухай багц хуулийн 2013, 2016 оны нэмэлт өөрчлөлтөөр дор дурдсан асуудлууд шинээр тусгагдсан.

  • Ерөнхий боловсролын тусгай сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, бие даалгах үйлчилгээ үзүүлэхээр болсон.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, туслах багш, сэргээн засалч, сэтгэл зүйч ажиллахаар болсон.
  • Ерөнхий боловсролын тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын харьяанд шилжихээр болсон.
  • Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн брэхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно гэсэн.

Сургуулийн өмнөх боловсрол

“Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9-д “Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж болох бөгөөд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд нэг бүлэгт байж болно” гэж заажээ.

“Аутизм Монгол Анд” ТББ-ын дэргэдэх “Анүүлэн Аз Жаргал” цэцэрлэг

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

Утас: 70134053, 90076867

 

Монголын тусгай цэцэрлэгүүдийн холбоо ТББ    

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Нисора цамхаг, 5-р давхарт

Утас: 9511-9580

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолбор

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Өнөр бүл төвийн цэцэрлэг, ц58-р байр

Утас: 11-451655, 7000-1655

 

186-р тусгай цэцэрлэг

Сүхбаатар дүүрэг, 11-р хороо

Утас: 9324-001

 

МУБИС-ын харъяа 249-р цэцэрлэг

Баянгол дүүрэг, 17-р хороо

Утас: 7011-2328

 

Тэмүжингийн андууд Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг

Сонгинохайрхан дүүрэг

Утас: 9573-1260

 

“Энэрэлийн түүчээ” ТББ-ын дэргэдэх тусгай хэрэгцээт хүүхдийн “Хүслийн ордон” цэцэрлэг

Баянзүрх дүүрэг, Нисора цамхаг

И-мэйл: ttuuchee@gmail.com

 

Мэргэжлийн боловсрол, сургалт

Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай 51 зөвшөөрөлтэй 86 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгаагаас 83 нь үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын 50 байгууллага нь төрийн өмчийн, 36 байгууллага нь төрийн бус өмчийнх байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд нийт суралцагчид 37039 байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй суралцагч 555, үүнээс эмэгтэй суралцагч 247 байна.

Хөгжлийн бэрхшээлийн ангиллаар авч үзвэл харааны бэрхшээлтэй 235 суралцагч байгаа бөгөөд үүнээс эмэгтэй 108 суралцагч, ярианы бэрхшээлтэй 58, үүнээс эмэгтэй 21 суралцагч, сонсголын бэрхшээлтэй 81, үүнээс эмэгтэй 37 суралцагч, хөдөлгөөний бэрхшээлтэй 102, үүнээс эмэгтэй 43 суралцагч, сэтгэцийн бэрхшээлтэй 35, үүнээс эмэгтэй 17 суралцагч, бусад төрлийн бэрхшээлтэй суралцагч 44 байна.

Албан бус боловсрол

Сургуульд хамрагдахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ

Дүйцсэн хөтөлбөрийн сургалт: 2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 355 насан туршийн боловсролын төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 7296 суралцагч хамрагдаж байгаагийн 12,8 хувь буюу 933 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байна. Хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын 42,1 хувь буюу 393 нь бага боловсрол, 47,2 хувь буюу 440 нь суурь боловсрол, 10,7 хувь буюу 100 нь бүрэн дунд боловсролын түвшинд суралцаж байна.

Гэр сургалт:Хэвтрийн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэрээр сургах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд 8 аймаг, 2 дүүргийн Насан туршийн боловсролын төвүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтад нийт 131 хүүхэд хамрагдаж байгаагийн 55 хувь буюу 72 нь эрэгтэй, 45 хувь буюу 59 нь эмэгтэй байна.[/vc_column_text][/vc_column][/vc_row]