Хавсарч болох бусад өвчин эмгэгүүд

[vc_row][vc_column][vc_column_text]Аутизмын Хүрээний Эмгэгтэй хамт өөр бэрхшээл хавсрах тохиолдлууд байдаг ба хавсарсан бэрхшээл гэдэг нь анагаах ухаан ба сэтгэц судлалд үндсэн бэрхшээлтэй хавсран нэг буюу түүнээс олон өөр бэрхшээл орших буюу нөлөөлж байхыг хэлдэг. Тухайлбал, аутизмтай хүмүүсийн 10-15%-д хромосомын буюу генетикийн эмгэг хавсардаг.

Аутизмын шинж тэмдгүүд бусад бэрхшээлд тохиолддог шинж тэмдгүүдтэй давхцдаг учраас АХЭ-г бусад оношоос ялгах нь төвөгтэй байдаг. Энэ ч утгаараа аутизмын оношлогооны явц хүндрэлтэй байдаг.

Гэдэсний өвчин (Bowel disease)

Аутизмтай зарим хүн хоол боловсруулах эрхтний асуудалтай байдаг ч аутизмтай хүмүүс бусад хүнээс илүү буюу өөр байдлаар өвддөг гэдгийг нотолсон баримт мэдээлэл хангалттай байхгүй байна. Өтгөн хаталт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд угаасаа илүү тохиолддог ба тэр дундаа зан үйлийн болон харилцааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд өтгөн хаталтын асуудлыг шийдэхэд илүү хүндрэлтэй байдаг.

Координацийн эмгэг (Developmental coordination disorder)

АХЭ-тэй зарим хүүхэд дугуй унаж, шилний тагийг эргүүлж онгойлгож сурахдаа удаан байдаг нь хөдөлгөөний хөгжлийн хоцрогдолтой байж болох ба энэ байдал нь болхи буюу биеэ захирч чадахгүй байгаа мэт харагддаг. Координац, хөдөлгөөний эвсэл муу байдгаас бичгийн хэлбэр муутай, биеэ өвөрмөц сонин байдалд байлгадаг, этгээд сонин дэвхэрсэн байдлаар алхдаг, мөн хараа ба хөдөлгөөний үйл ажиллагааны зохицолдоо муу, хараагаар хүлээж авснаа дутуу ойлгох, ерөнхий ойлголт муутай байдаг. Биеийнхээ  байрлалыг мэдрэх, тэнцвэрээ олох, хүнтэй зэрэгцэж алхах, эрхий хуруугаа бусад 4 хуруутай нийлүүлэх зэрэгт мөн асуудлууд байж болно.

Уналт таталт (Epilepsy)

АХЭ нь уналт таталттай холбогдох тохиолдол байдаг ба аутизмтай 4 хүүхэд тутмын 1 нь бага насандаа, эсвэл өсвөр насандаа уналт таталттай болдог ба эпилепси илрэх магадлал нь хүүхдийн нас, танин мэдэхүйн чадвар, хэл ярианы бэрхшээлийн байдлаас хамааран өөр өөр байдаг. Уналт таталтаас болж түр хугацаанд ухаан алдах, бие татагнах, сонин хачин хөдөлгөөн хийх, хэсэг хугацаанд гөлрөх зэрэг шинж тэмдэг илрэнэ. Зарим тохиолдолд нойрны дутагдал, хэт өндөр халуурах зэрэг нь уналт таталтыг үүсгэж болдог. Эпилепси байгаа эсэхийг тархины цахилгаан бичлэг буюу EEG-ээр илрүүлж тогтоодог ба гол төлөв 5-аас доош насанд, эсвэл шилжилтийн насанд эпилепси үүсдэг бөгөөд эмэгтэй хүүхдэд болон оюуны бэрхшээл хавсарсан хүүхдэд илүү тохиолддог.

Мэдрэхүйн мэдээллийг боловсруулахын эмгэг (Sensory problems)

Аутизмтай хүмүүс дотор мэдрэхүйн өдөөгчид хэвийн бус байдлаар хариу өгөх байдал элбэг тохиолддог хэдий ч энэ байдал нь аутизмыг бусад эмгэгээс ялган тодорхойлох шинж болдог гэсэн нотолгоо хангалттай байхгүй байна. Ямартаа ч АХЭ-тэй хүмүүсийн 42–88%мэдрэхүйн асуудалтай байдаг. Хэд хэдэн судалгаагаар аутизмтай хүмүүст булчингийн сулрал, хөдөлгөөний төлөвлөлтийн дутагдал, өлмийдөж алхах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ч хөдөлгөөний ноцтой алдагдал байдаггүй гэжээ.

АХЭ-тэй олон хүн хэвийн хөгжилтэй хүмүүсийн хувьд энгийн мэт санагддаг байрлалд тухгүйтдэг буюу оронд нь хоёр хөлөө нийлүүлж зогсох, нэг хөлийн тавхайг нөгөө дээр тавьж зогсох, завилж суух,гарын алга буюу хөлийн улыг хэт хазайлгах гэх зэрэг өвөрмөц байдлаар байдаг. Гэвч эдгээр байдал АХЭ-тэй хүмүүст илүү ажиглагддаг хэдий ч энэ нь АХЭ-тэй хүмүүс ийм байдаг гэсэн нь яриа таамаглал төдийгөөс хэтрээгүй буюу энэ талаар судалгаагаар батлагдсан нотолгоо гараагүй байна.

Нойрны эмгэг (Sleep disorders)

АХЭ-тэй хүүхэдтэй эцэг эхчүүд орой унтах, эрт сэрэх, муу унтах гэх зэрэг нойрны асуудлуудын тухай мэдээлэх нь элбэг байдаг буюу энэ асуудал АХЭ-тэй хүмүүсийн 53–78%-д тохиолддог. Зан үйлээс үүдэлтэй хүүхдийн ерөнхий нойргүйдлээс ялгаатай нь АХЭ-тэй хүмүүсийн нойргүйдэл мэдрэл, эмнэл зүй ба сэтгэцийн асуудалтай холбоотой байдаг.

Нойрны асуудлыг шийдэхгүй удах юм бол нойргүйдлийн хүнд хэлбэрт шилжиж, өөрийгөө гэмтээх гэх зэргийн зан үйлийн асуудал үүсдэг боловч одоогоор хүүхдийн нойргүйдэлд өгөхөөр АНУ-ын Хоол Хүнс Эмийн Байгууллагаас зөвшөөрөгдсөн эм байхгүй байна. Аутизмтай хүүхдүүдэд мелатонин нэмэлтээр өгөх нь нойронд нь сайнаар нөлөөлдөг гэсэн баримтууд байдаг хэдий ч энэ талаар хангалттай судалгаа гараагүй байна.

Анхаарлын дутмагшил ба хэт хөдөлгөөнтөх эмгэг (Attention-deficit hyperactivity disorder)

Аутизмтай хүмүүст энэ эмгэг хавсарсан байж болох ба энэ нь анхаарал төвлөрөл муутай, эсвэл хэт хөдөлгөөнтэй, эсвэл аль аль нь хосолсон байдалтай илэрч болно. Аутизм ба ADHD-ийн клиник чухал шинж тэмдгүүд зэрэгцэн нэг хүнд байж болох ба ийм тохиодолд ADHD-д чиглэсэн сургалт засал үр дүнгээ өгөхгүй байж болно. Тиймээс нэмэлт эмийн эмчилгээ үр дүн өгч болно.

Оюуны бэрхшээл (Intellectual disability)

Аутизмтай хүний оюуны чадварыг хэмжиж үнэлэхэд төвөгтэй байдаг учраас нийт аутизмтай хүмүүсийн дунд оюуны бэрхшээлтэй хүмүүсийн эзлэх хувь 25% -аас 70%-ийн хооронд хэлбэлзэж байдаг. 2001онд Их Британид гарсан судалгааганы дүнгээр аутизмтай 26хүүхдийн30% нь оюуны чадвар хэвийн (IQ 70-аас дээш), 50% нь хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй, 20% хувь нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй(IQ 35-аас доош)байна гэжээ. Аутизмтай бус, АХЭ-тэй хүүхдүүдийн дунд энэ тоо бүр ч бүдэг болж ирдэг. АХЭ-тэй хүмүүсийн 40–69% оюуны ямар нэгэн хэмжээний бэрхшээлтэй гэсэн тооцоо гарсан байдаг ба үүнд эмэгтэйчүүд хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байх нь илүү тохиолддог. АХЭ-тэй хүмүүсийн 25–75%-дсуралцахуйн бэрхшээл ямар нэгэн хэмжээгээр байдаг ба тухайн хүний онцлог чадвар ба сул талаас хамааран суралцахуйн бэрхшээлүүд өөр өөр байдаг.

Ямар ч гэсэн аутизм оюуны бэрхшээл хоёр нэг гарал үүсэлтэй биш буюу оюуны бэрхшээл нь аутизмаас үүсээгүй тусдаа эмгэг болон хавсран тохиолддог гэж үздэг.

АНУ-ын Өвчний Хяналтын Төв11 мужаас ирсэн тайлан дээр үндэслэн гаргасан дүгнэлтэндээ аутизмтай хүмүүсийн 46% нь 85-аас дээшIQ-тэй байдаг гэжээ.

Түгшүүрт байдлын эмгэг (Anxiety)

АХЭ-тэй хүмүүсийн дунд түгшүүрт байдлын эмгэг түгээмэл байдаг ба шинж тэмдгүүд нь тухайн хүний нас, танин мэдэхүйн түвшин, нийгмийн харилцааны чадварынтүвшин ба аутизмын өөрийнх нь онцлогоос хамаардаг. Нийгмийн харилцааны айдас түгшүүр, эсвэл ерөнхий айдас түгшүүрийг аутизмтай хүний хувьд тусдаа эмгэг гэж үзэхгүй, учир нь энэ байдал нь АХЭ-ээр нь тайлбарлагдаад явдаг ба зарим үед тухайн айдас түгшүүрийн байдал АХЭ-ийн шинж үү, эсвэл хавсарсан түгшүүрт байдлын эмгэгийн шинж үү гэдгийг ялгаж хэлэхэд хэцүү байдаг. Ямар ч гэсэн АХЭ-тэй хүүхдүүдийн дотор түгшүүрт байдлын эмгэг 11%-84%-д тохиолддог гэж үздэг нь судалгааны аргачлалын ялгаанаас болж ийм ерөнхий тоо гарсан байх магадлалалтай.

Эсэргүүцэн үгүйсгэх эмгэг (Oppositional Defiant Disorder)

Эсэргүүцэн үгүйсгэх эмгэг үгэнд орохгүй, бусдын үгийг дагахгүй байх, догшин байдал гаргах, амархан уурлаж бухимдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг ба АХЭ-тэй хүүхдүүдийн 10%-д тохиолддог.

Сэтгэл гутрал (Depression)

Сэтгэл гутралын эмгэг АХЭ-тэй хүмүүсийн дотор хамгийн элбэг тохиолддог ба ялангуяа өндөр чадвартай аутизмтай хүмүүсийн хувьд бусдаас ялгаатай байдлаа ойлгож харж эхэлдэг өсвөр насанд нь илүү гарч ирдэг гэж үздэг. Түүнээс гадна АХЭ-тэй хүмүүсийн сэтгэл гутралын илрэл тухайн хүний танин мэдэхүйн хөгжлийн түвшингээс хамаардаг буюу өөрөөр хэлбэл сэтгэл гутрал нь доогуур чадвартай хүүхдэд бол зан үйлийн байдлаар илэрч, өндөр чадвартай хүүхдэд бол сэтгэл гутралын уламжлалт шинж тэмдэгтэй илэрдэг байна.

Улигт бодол ба албадмал үйлдлийн эмгэг (Obsessive–compulsive disorder)

Дахин дахин нэгэн ижил бодолд автан заавал нэг зүйлийг давтан хийх гэсэн байдлаар илэрдэг энэ эмгэг нь аутизмтай хүмүүсийн 30%-д тохиолддог. Гэхдээ аутизмтай хүн зарим үйлдлээ дахин дахин хийх нь аутизмаас ч үүдэлтэй байж болно, OCD-ээс ч үүдэлтэй байж болно. Энэ байдлын ялгааг дараах хүснэгтээс харах боломжтой.

Аутизм

OCD
Давтамжтай донтсон үйлдлээсээ таашаал авдаг Давтамжтай донтсон үйлдлээ заавал хийх ёстой, хийхгүй бол болохгүй гэж сандардаг
Давтамжтай донтсон үйлдлийг нь зогсооход харьцангуй тайван хүлээж авч, өөр үйлдэл рүү шилждэг Давтамжтай донтсон үйлдлийг нь зогсооход маш их хямарч, паникт орох хэмжээнд сандардаг
Давтамжтай донтсон үйлдлэлд нь эцсийн зорилго байхгүй Давтамжтай донтсон үйлдлээ эцсийн үр дүнд хүргэх гэсэн зорилготой хийдэг
Яагаад энэ үйлдлийг хийгээд байгаагаа ойлгож тайлбарлаж чаддаггүй

Яагаад энэ үйлдлийг хийж байгаагаа ойлгож тайлбарлаж чаддаг

 

Улигт бодол ба албадмал үйлдэлтбие хүний эмгэг (Obsessive–compulsive personality disorder)

Энэ эмгэг нь хэт эмх замбараатай байх, төгс төгөлдөр байх, хэт жижиг нарийн мэдээлэлд анхаарах, орчноо өөрийнхөөрөө байлгаж хянах гэх зэрэг байдлаар илэрдэг ба энэ нь тухайн хүний уян хатан байдал, шинэ туршлагад нээлттэй хандах чадвар, хүмүүстэй харилцах чадварт нөлөөлдөг.

Хийх ажлаа жагсааж бичих, дүрэм журамд хэт баригдаж мөрдөх, нэг зүйлд хэт донтож сонирхох зэрэг шинжүүдээрээ Аспергерийн хам шинж ба энэ эмгэг хоорондоо нэлээн ижил төстэй байдаг. Гэхдээ Аспергерийн хам шинжийн ялгаа нь нийгэмшлийн чадварын дутагдал, бусдын оронд өөрийгөө тавих чадваргүй байдал болон оюуны өндөр чадвараараа ялгардаг. 2009 онд насанд хүрсэн аутизмтай хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар Аспергертээй хүмүүсийн 40%-д энэ эмгэг давхар байсан байна.

Туреттын хам шинж (Tourette syndrome)

Аутизмтай хүмүүсийн дунд Туреттын хам шинж 6,5%-д тохиолддог нь нийт хүн амын дундах хувь буюу 2-3%-иас илүү өндөр байдаг. Үүнд эдгээр хоёр эмгэгийн генетикийн хүчин зүйл, допамин, глютамат, серетонины хэвийн бус хэмжээ гэх зэрэг нийтлэг байдал нөлөөлж байна гэж үздэг.

[/vc_column_text][/vc_column][/vc_row]