Монголын Аутизмын Холбоо
Монголын Аутизмын Холбоо нь Монголд байгаа аутизмтай хүмүүс, тэдний гэр бүлүүдэд туслах зорилгоор аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаачлагаар байгуулагдсан ТББ юм.
Аутизмын талаарх Үндэсний Судалгаа
Монголын Аутизмын Холбоо нь Монгол Улсад анх удаа аутизмын бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэсний хэмжээний цахим судалгаа эхлүүлж байна.
Энэхүү судалгааны зорилго нь аутизмын хүрээний эмгэгтэй (АХЭ) хүмүүс болон тэдний гэр бүлийн бодит туршлага, баримт, тоон мэдээллийг цуглуулах явдал юм. Ийм төрлийн судалгаа хийх үндэслэл бол Монгол Улсад нотолгоонд суурилсан мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд бодит мэдээлэлгүйгээр АХЭ-тэй насанд хүрэгчид ба хүүхдүүд, тэдний гэр бүлүүдийн асуудал нь бодлого, төсөв, төлөвлөлтөөс гадуур үлдэх эрсдэлтэй билээ.
Судалгааг хэн бөглөж болох вэ?
• Аутизмын хүрээний эмгэгтэй хүн өөрөө, эсвэл
• Аутизмын хүрээний эмгэгтэй хүний/хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, эсвэл
• Өөрөө аутизмгүй бөгөөд аутизмтай хүүхэдгүй иргэн — ийм оролцогчдын хувьд судалгаа нь богино хэлбэртэй байх бөгөөд аутизмын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлага, нийгмийн дэмжлэгийн тухай байна.
Судалгаанд ямар сэдвүүд багтсан вэ?
• Хүн ам зүйн мэдээлэл
• Оношлогоо, үнэлгээ
• Сэргээн засах, хөгжлийн дэмжлэг, засал үйлчилгээ
• Боловсрол, тэгш хамруулах боловсрол
• Эрүүл мэндийн үйлчилгээ
• Нийгмийн халамж, санхүүгийн дэмжлэг
• Үйлчилгээний хүртээмж ба үнэ өртөг
• Аутизмын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт
• Нийгэм, хамт олны дэмжлэг ба оролцоо
⚠️ Чухал анхааруулга: Нэг аутизмтай хүний тухай – нэг хариулт
• Нэг аутизмтай хүний талаар зөвхөн НЭГ судалгааны хариулт бөглөнө. Тухайлбал, нэг хүүхдийн хувьд ээж, аав хоёулаа тус тусдаа бөглөвөл, эсвэл аутизмтай хүн өөрөө болон ах эгч нь тус тусдаа бөглөвөл мэдээлэл давхардах болно. Тиймээс нэг гэр бүлийн гишүүд хоорондоо тохиролцож, тухайн НЭГ хүний талаар НЭГ хүн л бөглөнө. Учир нь нэг хүний талаар хоёр хариулт ирвэл хоёр хүнээр тооцогдож бодит тоо баримт гажуудах болно.
Таны оролцоо яагаад маш чухал вэ?
Энэхүү судалгаа нь зөвхөн тоо баримт цуглуулах бус, Монгол улс дахь аутизмын бодит дүр зургийг харуулах зорилготой. Үүнд:
• Гэр бүлүүд ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ?
• Ямар үйлчилгээ байгаа, ямар нь дутагдаж байна вэ?
• Хүртээмж, өртөг, тэгш хамруулалтын бодит нөхцөл байдал ямар байгаа вэ?
• Олон нийтийн мэдлэг, ойлголт, дэмжлэгийн түвшин ямар байна вэ?
Та энэхүү судалгаанд оролцсоноор:
• Бодлого боловсруулагчдад ба шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх, бодит мэдээлэл өгнө,
• Олон нийтийн ойлголт мэдээлэл, дэмжлэгийг нэмэгдүүлнэ,
• Аутизмтай насанд хүрэгчид ба хүүхдүүдэд ээлтэй, илүү тэгш, хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээхэд хувь нэмэр оруулна.
Судалгааны ач холбогдол
Судалгаа, нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлснээр:
• Аутизмын тархалтын тоо хэмжээг тогтоох
• Аутизмын оношлогоо, үйлчилгээний цоорхойг илрүүлэх
• АХЭ-тэй хүмүүст зориулсан төрийн бодлого, санхүүжилтийг чиглүүлэх
• АХЭ-ийн эрт илрүүлэг, оролцоо, боловсрол, дэмжлэгийн тогтолцоог сайжруулах
• Аутизмын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, ялгаварлан гадуурхалтыг бууруулах ач холбогдолтой.
Судалгааг бодлого, шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй ашиглах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Луулайн ХОСБАЯР хамтран ажиллаж байна. Судалгааны үр дүнд аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх бодит боломж бүрдэх юм.
Судалгаа 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хаагдана. Та бүхэн идэвхтэй хамрагдаарай.
Судалгааг бөглөхөд 15 мин л зарцуулах тул Та заваа гаргаарай.
Бид судалгааны үр дүнг боловсруулж Аутизмыг Таниулах 4-р сард олон нийтэд, хэвлэл мэдээлэлийнхэнд, бодлого боловсруулагч ба хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргэх болно.
Судалгаанд оролцох линк
https://shorturl.at/RX41B


