Аутизмын гурвалсан бэрхшээл

  1. Хэл яриа ба харилцааны бэрхшээл (Бусад хүнтэй үр бүтээлтэй харьцах чадвар сул)

Зураач: Г.Мөнгөншагай

  • Аутизмтай хүний 25-30% хэл яриа огт буюу бараг ашигладаггүй, үлдсэн хувь нь хэрэгцээгээ хангах хэмжээний чадвартайгаас хэл ярианы өндөр чадвартай хүртэл байдаг
  • Өндөр чадвартай аутизмтай хүн хэл яриа сайн хөгжсөн хэдий харилцан ярианд буруу оролцох, санаагаа зөв илэрхийлэхгүй, дууны хэмжээгээ тохируулахгүй, тодорхой нэг сэдвээр хэт удаан ярих, харилцан яриаг эхлүүлж үргэлжлүүлэн ярих чадвар сул г.м. бэрхшээлтэй байдаг
  • Харилцааны бэрхшээл гэдэг нь хэл яриа төдийгүй харилцааны бусад арга хэрэгслийг сайн ойлгодоггүй буюу ашигладаггүй байдгаар илэрдэг (тухайлбал, дохио зангаа, дууны өнгө, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал зэргийг сайн ойлгохгүй байх, өөрөө хэрэглэхгүй байх…)
  • Энэ бэрхшээл нь хүний хэлснийг давтаж цуурай мэт ярих хэлбэрээр бага насны хүүхдэд илэрч болно.

 

 

 

 

 

 

  1. Нийгмийн харилцааны бэрхшээл (Нийгмийн төрөл бүрийн нөхцөл байдал, орчинд, бусад хүнтэй хэрхэн яаж биеэ зохистой авч явж, харьцахаа сайн ойлгодоггүй)

Зураач: Г.Мөнгөншагай

  • Нийгмийн өөр өөр орчин нөхцөлд биеэ буруу буюу өөрөөр авч явдаг бөгөөд ингэхдээ өвөрмөц, зарим тохиолдолд буруу зан үйл гаргадаг.
  • Хүмүүсийг сонирхдоггүй буюу сонирхохгүй байгаа мэт байж, нэрээр нь дуудахад хариулахгүй, хариу үйлдэл үзүүлэх нь ховор буюу этгээд байдалтай тул хүмүүстэй харилцаа тогтоож, тэр харилцаагаа хадгалж чаддаггүй.
  • Хүмүүс хоорондын харилцааны утга учрыг сайн ойлгодоггүйгээс баяр хөөр, сонирхол зэргээ хуваалцахгүй, хуваалцах аргаа мэддэггүй.

 

 

 

 

 

  1. Туйлширмал сонирхол ба давтагдмал үйлдлийн бэрхшээл (Мэдээллийг уян хатан ойлгож хүлээж авах, боловсруулахдаа бэрхшээлтэй буюу хязгаарлагдмал, баригдмал сэтгэлгээ)

Зураач: Г.Мөнгөншагай

  • Хөдөлж, эргэлдэж байгаа зүйлийг хэт дурлаж харах гэх мэтээр нэг зүйлд уягдах, юмсыг өрж жагсаах зэргээр давтагдсан үйл үйлдэл хийдэг нь сонирхол, өдөр тутмын хийдэг зүйлд нь илэрдэг.
  • Төсөөлөн бодох, хийсвэрлэн сэтгэхдээ  сул байдал нь нэг хэвийн байдлыг шаарддаг, шинэ орчин өөрчлөлтийг хүлээн авч дасан зохицохдоо удаан буюу дургүй, тодорхой орчинд эзэмшсэн чадвараа өөр орчинд хэрэглэхдээ муу, бүхнийг шууд утгаар хүлээж авдаг, ач холбогдолгүй нарийн жижиг зүйлд хэт анхаарах зэргээр илэрдэг.