Оношилгоо
Манай улсын хувьд АХЭ-г Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, аймаг дүүрэг бүрт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс албан ёсоор оношилж байна.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулагдсан ажилладаг улсын хэмжээний төв юм. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь зөвхөн аутизмын хүрээний эмгэгийн оношийг баталгаажуулж өгөх үүрэгтэй байдаг.
СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиник нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүүхэд өсвөр үеийн клиник нь Аутизмын хүрээний эмгэгийг ICD-10 буюу Өвчний олон улсын 10-р ангиллын F84-“Хөгжлийн түгээмэл эмгэгүүд” бүлгийн шалгуур үзүүлэлтүүдээр оношилж байна.
Зорилго: 18 хүртэлх насны хүүхдэд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу үзүүлэх
Зорилт:
- 18 хүртэлх насны хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх
- Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх
- Сэтгэцийн эмгэгийг эрт оношлох, эмчлэх, давтан үзлэг хийх
- Мэргэжлийн зөв тусламж авахад чиглүүлэх
- Эрүүл мэндийн боловсрол олгох
Үндсэн чиг үүрэг:
- Үзлэг хийж картанд тэмдэглэл хөтлөх
- Шаардлагатай шинжилгээнд явуулах
- Зөвлөгөө өгөх
- Эмчилгээ бичих
- Ар гэрийнхэнд зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох
- Баримт бичиг хөтлөх
DSM-V
DSM буюу Сэтгэцийн эмгэгийн ангилал, оношлогооны гарын авлага (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders) нь АНУ-ын Сэтгэцийн Эмч нарын Холбооны (American Psychiatric Association) боловсруулсан сэтгэцийн эмгэгийг оношлодог стандарт юм. DSM-V хэмээн товчлон нэрлэсэн 2013 оны уг стандартад “Аутизмын Хүрээний Эмгэгийн оношилгооны стандарт”-ыг дараах байдлаар тодорхойлжээ.
DSM-V дахь Аутизмын оношлогооны стандарт 299.0 (F84.0)
- Нийгмийн харилцаанд орох, бусадтай харилцах байнгын шинжтэй бэрхшээл
- Нийгэм, сэтгэл зүйн харилцааны бэрхшээл
- Бусадтай харилцах үгэн бус харилцааны бэрхшээл
- Насандаа тохирсон харилцааны чадварын бэрхшээл
- Хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй үйлдэл, сонирхол, хөдөлгөөн
- Хэвшмэл, давтагдмал хөдөлгөөн, хэл яриа, эсвэл үйлийн хязгаарлагдмал чадвар
- Явцуу сонирхол, нэг л зүйлд хэт дурласан сонирхол, анхаарал төвлөрөлт болон нэг юманд хэт анхаардаг, зан үйлийн шинжтэй үйлдэл хөдөлгөөн
- Хязгаарлагдмал, туйлширмал сонирхол, хүчтэй анхаарал төвлөрөлт
- Мэдрэхүйн үйлийн эмгэг, мэдрэмжгүй байдал, мэдрэхүйтэй холбоотой орчин тойрны ер бусын сонирхол
- Шинж тэмдэг нь ихэвчлэн хөгжлийн эрт үед илрэх боловч зарим тохиолдолд хожуу илэрнэ.
- Нийгэм олон нийт, ажлын байр болон бусад чухал үйл ажиллагаанд ноцтой саад бэрхшээл үүсэх магадлалтай.
Энэхүү оношлогооны стандарт болон хүүхдийн төлөв байдалд хамаарах шинж тэмдгүүд анзаарагдвал юуны өмнө мэргэжлийн эмнэлэгт хандах нь зүйтэй. Мэргэжлийн эмнэлэгт хүүхдийн гаргаж буй үйлдлүүдийг ажиглаж, асран хамгаалагч нартай ярилцаж, сэтгэл зүйн сорил авч, хүүхдийн байдлыг цогцоор нь үнэлж оношилдог болно.
АХЭ-ийн 3 түвшин
DSM-V-д аутизмын шинж тэмдгийн хүнд хөнгөнийг А. Нийгмийн харилцаа, Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдлээр нь дараах 3 түвшинд хуваан ангилдаг.
Түвшин 1. Дэмжлэг шаардлагатай
А. Нийгмийн харилцаа
Дэмжлэг үзүүлэхгүй бол харилцааны чадвар дутагдана. Нийгмийн харилцаанд орохдоо муу, бусад хүн өөртэй нь харьцахад нэгэн хувийн бус, өөр хоорондоо холбоогүй хариу үйлдэл үзүүлдэг. Нийгмийн харилцаанд орох сонирхолгүй байх магадлалтай.
Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл
Уян хатан бус үйлдэл нь нэгээс дээш тохиолдолд мэдэгдэхүйц хүндрэл тулгардаг. Үйлдлээ зогсоож дараагийн үйлдэлд шилжих зэрэг гэнэтийн өөрчлөлтөд тааруу. Эмх цэгцтэй, дэс дараалалтай үйлдэл болон бие дааж хийх үйлдэл дээр асуудалтай.
Түвшин 2. Тал бүрийн дэмжлэг шаардлагатай
А. Нийгмийн харилцаа
Үгэн болон үгэн бус харилцааны чадвар сул учир тохирох дэмжлэг үзүүлсэн ч нийгэмшихүйд болон нийгмийн харилцаанд ороход хүндрэл үүсэх ба бусад хүн өөртэй нь харьцахад бараг хариу үйлдэл үзүүлэхгүй, эсвэл этгээд хариу үйлдэл үзүүлнэ.
Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл
Үйлдэл нь уян хатан биш, гэнэтийн өөрчлөлтөд дасан зохицохдоо муу. Үйлдлийн хязгаарлагдмал, давтагдмал шинж нь энгийн хүний нүдэнд ч илт анзаарагдана. Анхаарлын болон үйлдлийн өөрчлөлт хүндрэлийг дагуулна.
Түвшин 3. Дэмжлэг зайлшгүй шаардлагатай
А. Нийгмийн харилцаа
Үгэн болон үгэн бус харилцааны чадваргүй тул сэтгэл санаа, бие махбодын үйл ажиллагаа маш их доголдох ба нийгмийн харилцаанд орж чадахгүй, бусад хүн өөртэй нь харьцахад огт хариу үйлдэл үзүүлэхгүй.
Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл
Үйлдэл нь уян хатан биш, гэнэтийн өөрчлөлтийг хүлээн авахдаа маш муу. Үйлдэл нь хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй тул хөгжлийн бүх ай-д мэдэгдэм бэрхшээлийг үүсгэдэг. Анхаарлын болон үйлдлийн өөрчлөлт ноцтой хүндрэл дагуулна.