Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) гэж юу вэ?

Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) бол хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч боловсруулах чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм. Аутизмын шалтгааны талаар одоогоор шинжлэх ухаан нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. Ийнхүү шалтгаан нь тодорхойгүй байгаа тул АХЭ-ийг эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголтын талаар ярихад эрт байна. Тархины үйл ажиллагаатай холбоотой, тархины хөгжилд нөлөөлдөг биологийн шалтгаантай учраас аутизмтай хүн насан туршдаа аутизмтай хэвээр байдаг.

 

Аутизм нь дотроо олон төрөл, хэлбэртэй байдаг учраас бүгдийг нь нэгтгэн “Аутизмын Хүрээний Эмгэг” (АХЭ) гэдэг тодорхойлолтоор нэрлэдэг ба энэ нэршлийн дор “сонгодог аутизм”, “хөнгөн хэлбэрийн аутизм”, “аспергерийн хам шинж” гэх зэргийн олон төрлийн аутизм багтдаг. Аутизмыг анх 1943 онд Австри-Германы эмч Лео Каннер дүрсэлж тодорхойлсон ба одоо үед аутизмын үндсэн гол шинжүүд бүхий аутизмыг “сонгодог аутизм” буюу “Каннерын аутизм” гэж нэрлэдэг. Австрийн эмч Ханс Аспергер гэдэг эрдэмтэн 1944 онд оюун ухаан, хэл ярианы чадвар хэвийн ч харилцах, нийгэмших чадвар муутай,  хэсэг хүүхдийг дүрсэлснээр Аспергерийн хам шинж гэдэг ойлголт бий болсон.

 

Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Гэхдээ аутизмтай хүн бүрт дараах гурван бэрхшээл заавал байдаг. Үүнд:

 

  1. Бусад хүнтэй үгээр болон үгэн бус аргаар харилцах чадваргүй, чадвар муутай буюу өвөрмөц этгээд байдлаар харьцдаг
  2. Нийгмийн харилцаанд оролцох чадваргүй, чадвар муутай буюу өвөрмөц этгээд байдлаар оролцдог
  3. Зан үйлийн хувьд давтамжтай, үйлдэл сонирхлын хувьд хязгаарлагдмал байдлаар илэрдэг баригдмал сэтгэлгээтэй

 

Эмч нар хүүхдийн хэл яриа, нийгмийн харилцаа ба хязгаарлагдмал, давтагдсан зан үйлээр нь Аутизмын Хүрээний Эмгэгийг оношлохдоо 1, 2, 3 гэсэн түвшний аль нэгт оноодог. АХЭ-ийг ингэж гурван түвшинд оноож оношлох нь тухайн хүүхдэд өдөр тутмын амьдралд нь гадны буюу бусдын туслалцаа хэр их шаардлагатай байгааг хэлж өгдөг. Мөн ийнхүү түвшинг тогтоосноор тухайн хүүхдэд үзүүлж болох дэмжлэг туслалцааг тохируулан сонгоход дөхөм болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Аутизмын Холбооноос гаргасан “Аутизмын Хүрээний Эмгэг” эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага-аас аваарай. (2023 он)