Стимминг

Стимминг буюу өөрийгөө тайвшруулах, эсвэл зугаацуулах зорилготой давтамжтай үйлдлийг аутизмтай хүмүүс өөрсдөө юу гэж тайлбарладаг вэ?

Хамгийн түгээмэл стиммингийн хэлбэрүүд бол урагш хойш найгах, байран дээрээ эргэлдэх, зорилгогүйгээр алхах, үг хэллэг давтаж хэлэх, гар хуруугаа сэгсрэх зэрэг байдаг. Темпл Грандин стимминг мэдрэхүйн хэч ачааллыг бууруулж, түгшүүрт байдлаас гарахад тусалдаг гэжээ.

Стимминг хөдөлгөөнийг хүн бүр хийдэг ч (үзгээрээ ширээ тогших, сууж байхдаа хөлөө савах гэх мэт) аутизмтай хүмүүсийнх илүү өвөрмөц этгээд, илэрхий тод, бусдын анхааралд өртөхүйц байдгаараа ялгагддаг. Яагаад тухайн үйлдлээ давтаж хийгээд байгааг нь хүмүүс тэр бүр ойлгодоггүй.

Аутизмтай хүмүүс өөрсдөө харин юу гэж тайлбарладаг вэ?

«Стимминг орчин тойрны ертөнцөөс ирж байгаа мэдрэхүйн мэдээллийг зохицуулахад тусалдаг», – Лора Иванова-Смит.

«Гал дээр хоол тавиад уурыг нь гаргахын тулд тагийг нь хажуу тийш болгодог биз дээ? Эсвэл шархнаас цус гарвал цусыг тогтоохын тулд боодог биз дээ? Стимминг миний дотор болж байгаа олон процессоос болж дэлбэрэхгүй байхад минь тусалдаг. Нөгөө талаас дотроо хэвийн байдлыг хадгалахын тулд энергээ алдахгүй байхад тусалдаг. », – Пола Гомес.

«Стимминг гэж ямар нэгэн түлэнхий үнэр үнэртэх үед сонсож байсан радиогоо ундтраадагтай адил. Үнэхээр юм шатаагүй гэдгийг баталгаатай болгохын тулд мэдрэхүйн бусад эрхтнүүдээ “унтраах” арга», – Ламар Хардвик.

«Заримдаа би уурлахдаа, сэтгэл дундуур байхдаа, хэт ачаалалд орохдоо түүнийгээ гадагшаа гаргах хэрэгтэй болдог. Тэгээд нэг газраа суух аргагүй болж, хөдөлж, авиа гаргаж эхэлдэг. Амандаа дүнгэнэх, чихээ таглах, хөлөөрөө юм өшигчөх гэх мэт үйлдэл хийдэг. Ингэхдээ би тайвширдаг. Гэхдээ би өөрийгөө юу хийж байгаагаа заримдаа анзаардаггүй. Бусад хүнд төвөгтэй байсан ч би өөрийгөө яаж ч чаддаггүй.», – Сидни Браун.

«Стимминг гэж гадаад хүчин зүйл нөлөөнөөс өөрийгөө тасалж салгах чадвар ба боломж юм. Стимминг хийснээр би өөрийгөө зохицуулж, энергээ хадгалж, хамгаалалтын бүрхүүлд орж, биеэ сул тавьдаг. Ингэснээр би бодит байдал руу эргэн ирж, амьсгаа авч, удааширч, мэдрэлийн системээ тайвшруулдаг. Хамгийн гоё мэдрэмж нь хажууд хэн ч байхгүй, би маш тайван, чөлөөт, ертөнцтэй нэгдмэл байгаагаа мэдэрдэг.», – Лора Споерл.

«Стрессдэх үед би дүнгэнэж, эсвэл ёолж эхэлдэг. Баярлахдаа би муур шиг инээмсэглэж, урагш хойш найгалзаж, аяархан авиа дуу гаргадаг. Стимминг тайвшруулдаг, бас сайн муу аль аль эмоцоос үүссэн хүчдэлийг бууруулдаг. Ингэхдээ би “одоо стимминг хийе дээ” гэж боддоггүй, зүгээр л өөрийн мэдэлгүй хийгээд эхэлдэг.», – Рейчел Миллс.

«Стимминг бол агаар амьсгалахтай л адил зүй ёсны ба амин чухал зүйл.», – Кэти Кена.