Зан үйл
АХЭ-тэй хүмүүс өдөр тутмын дассан хэв маяг өөрчлөгдөхөд тавгүйрхэж, бухимддаг. Энэ нь тэдний өөрчлөлт шинэчлэлт, гэнэтийн зүйлд өөрийгөө тааруулан зохицуулах чадвар алдагдалтай байгаатай холбоотой. Өдөр болгоны тогтсон өдрийн дэглэм хуваарь алдагдахад, өрөө болон гэрийнх нь тавилга байрлалаа өөрчлөхөд тэрхүү өөрчлөлтөд зохицох гэж тодорхой хугацаагаар стресстдэг. Тиймээс аливаа өөрчлөлт шинэчлэлтийг хийхдээ аль болох эртхэн урьдчилж мэдээлэл өгч анхааруулах зайлшгүй хэрэгтэй. Аутизмтай хүн өөрчлөлтийг хүлээж авч дасан зохицох хүртэл хугацаа шаардлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн гэр бүлд ч бас багагүй амьдралын тохируулга өөрчлөлт ордог. Аутизмтай хүүхэд юу болох гэж байгаа, болох гэж байгаа зүйлсийн дараалал, цаг хугацааг ойлгодоггүй. Ингэхээр “учир нь олдохгүй эмх замбараагүй ертөнцөд” хэрхэн зохицож амьдрах нь АХЭ-тэй хүүхдийн хувьд сорил юм.
Аутизмтай хүүхдэд аливаа үйл явдал хэзээ болох, хэрхэн болохыг тодорхой хэмжээнд хянах боломж өгч, таагүй нөхцөл байдлаас гарах шаардлагатай байгаагаа илэрхийлэх зохистой аргыг эзэмшүүлэх хэрэгтэй. Хүүхэд тань өөрийгөө илэрхийлж бусадтай харилцах, нийгэмд олон нийтийн дунд биеэ хэрхэн зөв авч явах чадвар алдагдалтай байгаа тул эцэг эхчүүд тэдний харилцах гүүр, чиглүүлэгч, асран хамгаалагч болох учиртай. Хүүхэд тань бусад хүүхэдтэй яаж харилцаж найзлах аргаа олохгүй байгаа учраас л найзтай болж чадахгүй, нийгмийн харилцаанд орохоос зайлсхийж байгаа. АХЭ-ийн тухай ойлголтгүй хүмүүс хүүхдийг тань тэр бүр ойлгож харилцах, тэдний гаргаж буй зан үйлийн шалтгааныг ойлгох боломжгүй тул тэр бүхэнд гэр бүл нь хүүхдийнхээ хажууд байж дэмжиж чиглүүлж өгч байдаг.
АХЭ-тэй хүүхдүүдийн гаргаж буй зан үйл нь цаанаа заавал ямар нэг учир шалтгаантай байгаа. Өөрийгөө бусдад тайлбарлах, зөв ойлгуулахад нь байнга хамт дотно байдаг эцэг эх гэр бүл л тайлбарлаж өгч чадна. Бас бусдад гадуурхагдаж, зэмлүүлж, эвгүй байдалд орох, аюулд орохоос сэргийлж чадна.
Зарим эцэг эх, багш нар АХЭ-тэй хүүхдийг нэн даруй үгэндээ оруулах гэж зүтгээд, дийлэхгүй болохоороо уг хүүхдийг эрхлүүлж, эвдэж гүйцлээ гэж боддог. Аутизмтай хүүхдээр хүссэнээ хийлгэх гэж тушаах, эсвэл хийж байгаа зүйлийг нь болиулах гэж тушаах, хэлсэн даруйдаа үгэндээ оруулах гэж оролдвол үр дүнд хүрэхгүй, аль аль нь уур цухлаа барж, эцэст нь хүчирхийлэлд хүрэх аюултай. Хүүхдийн зан байдлыг удирдах үр дүнтэй арга бол та өөртөө төдийлөн чухал биш ч, уг хүүхдэд чухал зүйл дээр буулт хийж сурах явдал юм. Ингэснээрээ эцэг эх, багш, эмч бусад хүмүүс хүүхдийн итгэлийг олж, аажим аажмаар түүний хайрыг хүлээж, илүү үр бүтээлтэй харилцааг бий болгоно.
Аутизмтай хүүхдүүд юу болох гэж байгааг амархан мэдэж болдог энгийн, ойлгомжтой орчныг л хүсдэг. АХЭ-тэй хүүхдийн хувьд хүрээлэн байгаа орчин нь тэдний хүссэнээр байх нь ховор байдаг. Тэд шинэ орчин, шинэ зүйл, өөрчлөлт, нэг үйл явдлаас нөгөө рүү шилжих шилжилтийг хүлээж авахдаа удаан буюу хөшүүн, дасан зохицох чадвар сул байдаг. Үнэндээ ийм хүүхдүүд хүрээлж буй орчноо өөртөө ойлгомжтой байлгах гэж, тэвчиж болмоор байлгах гэж, ямар байх ёстой тийм л байгаасай гэж л чармайж байгаа нь тэр. Хэрэв өдөр тутмын дадсан нөхцөл байдал нь өөрчлөгдвөл, зан ааш нь хөдөлж, эцэг эхээсээ бүх юмыг хуучин байсан байдалд нь оруулахыг хүснэ. Зарим АХЭ-тэй хүүхэд мэдрэхүйн хэт ачаалалаас хамаарч орчноо солихдоо, шинэ орчинд орохдоо, олон нийтийн газраар үйлчлүүлэх үедээ тухайн газарт орохоос зайлсхийх эсвэл очихыг эрс эсэргүүцэх зэрэг үйлдлүүд гаргадаг. Эсвэл хэсэг дасах хугацаа шаардлагатай байх үе ч байдаг. Энэ нь тэдний хурц мэдрэхүйтэй холбоотой. Жишээ нь: нам давтамжтай дуу чимээ, хурц тод гэрэл эсвэл анивчсан гэрэл, таалагдаагүй үнэр болон амт гэх мэт. Мөн ийм хүүхдүүд өмнө нь очоод ямар нэг байдлаар айдас түгшүүртэй, тааламжгүй санагдсан газраасаа дараа нь эрс татгалзаж, зугтах, зайлсхийх нь түгээмэл байдаг. Хүүхдийн шаардаж байгаа зарим зүйл таны хувьд төдийлөн утга учиртай биш санагдавч, хүүхдэд тэр нь чухал ач холбогдолтой байх тул түүнийг нь биелүүлснээр түүнд орчноо айдасгүй хүлээж авахад тус болно. Ингэсэн тохиолдолд тэр орчноо өөртөө зохицуулах гэж цухалдах, цохих, хазах, өөрийгөө бэртээх шаардлагагүй болно.
Анги танхим ба гэр орны орчны зохион байгуулалт, ялангуяа биет орчин, цагийн хуваарь, шилжилт, сургалтын аргачлалуудыг зөв зохион байгуулснаар зан төлөвийн бэрхшээлтэй олон асуудлаас урьдчилан сэргийлж болдог. Сайн зохион байгуулсан орчинд хүүхдийн эерэг зан үйл нэмэгдэж, сөрөг зан үйлийн тоо буурах хандлагатай байдаг тул орчны зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй. Өөр өөр төрлийн үйл ажиллагаанд, өөр өөр өрөө тасалгаа буюу талбай гаргаснаар тэрхүү орчин нөхцөлд тохирох зан үйлд дэм болох юм.