Харилцаа – Нийгэмшлийн онцлог

Нийгэмшлийн онцлог нь АХЭ-ийн нэг гол шинж байдаг. Нийгэмшлийн чадварын дутагдлаас шалтгаалан АХЭ-тэй хүмүүс нийгмийн харилцаанд орохдоо бэрхшээлүүдтэй тулгардаг. Аутизмтай хүмүүс өөрсдөө харилцаанд орох хүсэлтэй байвч нийгмийн харилцаанд хэрхэн оролцохоо сайн ойлгохгүйгээс болж асуудалд ордог.

1. Харилцааны хоёр талт шинж чанар
Нийгмийн харилцаанд оролцоход харилцаа хоёр талаас ээлжилсэн байдлаар өрнөдөг буюу бие биеэ сонсох, хүлээх, хариу өгөх гэх зэргээр илэрдэг. Гэтэл АХЭ-тэй хүмүүс үүнийг сайн ойлгодоггүй. Тухайлбал:

  • Нэг талтай харилцан яриа: АХЭ-тэй хүмүүс өөрийнхөө л сонирхсон сэдвээр ярьж, нөгөө талын сэтгэлийн байдал, үзэл бодол, сонирхлыг анзаарахгүй өнгөрдөг нь харилцааны тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг.
  • Нийгмийн харилцааны далд дохиог мэдэхгүй: АХЭ-тэй хүмүүс нөгөө хүний харц, дохио, биеийн хэлэмж, үг ярианаас тухайн хүн харилцан ярианаас залхаж байна, ядарч байна, яарч байна гэх мэтээр санаагаа илэрхийлж байгааг анзаардаггүй.
  • Хоцорсон эсвэл өвөрмөц сонин хариу үйлдэл: АХЭ-тэй зарим хүн нөгөө хүндээ хариу үзүүлэхгүй уддаг, эсвэл санаснаас өөр буюу нөхцөл байдалд тохиромжгүй хариу өгдөг.

2. Найз нөхөрлөлийн харилцаа
Дараах бэрхшээлүүдээс үүдэн АХЭ-тэй хүмүүс найз нөхөрлөлийг үүсгэж, хадгалахдаа асуудалтай байдаг:

  • Харилцааг эхлүүлж үүсгэхийн хүндрэл: АХЭ-тэй хүмүүс үеийнхэнтэйгээ хэрхэн яриа эхлүүлж, сонирхлыг нь татахаа мэддэггүй. Нэг бол юу ярихаа мэдэхгүй дуугүй, зайгаа барьдаг, үгүй бол хэт идэвхтэй харилцан яриаг эхлүүлж, асуултаар булж, нөгөө хүнийг эвгүй байдалд оруулдаг.
  • Харилцааг хадгалж тогтоох чадваргүй байдал: АХЭ-тэй хүмүүс харилцан яриаг эхлүүлж, холбоо тогтоож чадсан ч тухайн харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэхээ сайн мэддэггүй. Тухайлбал, харилцаагаа тогтмол дэмжихээ мартдаг, эсвэл хэт их хүчилж харилцахыг хичээдэг.
  • Хязгаарлагдмал сонирхол: АХЭ-тэй хүмүүс ямар нэг зүйлийг хэт хүчтэй сонирхож, өөр сэдвийг сонирхдоггүйгээс болж бусад хүнтэй хуваалцаж ярилцах зүйлгүй болдог.

3. Нийгмийн дэг журмын ойлголт
Нийгмийн бичигдээгүй дэг журмуудыг олж харах нь АХЭ-тэй хүмүүст хэцүү даалгавар байдаг. Тухайлбал:

  • Хувийн орон зайн ойлголтгүй: Бусад хүнд хэт ойр зогсох, хүний юмыг зөвшөөрөлгүй авах гэх мэтээр нийгмийн орчинд биеэ буруу авч явдаг.
  • Зохисгүй зан үйл: Чимээ багатай орчинд чанга ярих, дотроо бодоод өнгөрөх зүйлийг ил хэлэх гэх мэт.
  • Ээлжээ хүлээхгүй: Өөрийнх нь ээлж болоогүй байхад ярих, нийт ярианы уур амьсгалыг мэдрэхгүй байх, ярианд давамгайлж оролцох, зогсохоо мэдэхгүй байх.

4. Сэтгэлийн онол буюу Theory of Mind (ToM)
Энэ онол нь бусад хүн өөрөөс чинь ялгаатай бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, үзэл санаатай байдаг гэлгийг ойлгох чадварыг хэлдэг. АХЭ-тэй олон хүнд энэ чадвар дутагддаг тул нийгмийн харилцаанд бэрхшээлтэй тулгардаг.

  • Бусдыг өрөвдөх сэтгэл: АХЭ-тэй хүмүүс бусдыг юу бодож, мэдэрч байгааг таамаглах чадвар сул тул өрөвдөх сэтгэл дутуу төрж болно. Үүнээс болж хариу үйлдэл үзүүлэхгүй, эсвэл буруугаар хариу үзүүлдэг нь нийгмийн харилцаанд нь асуудал үүсгэж болно.
  • Бусдын байр сууринд өөрийгөө тавих: Бусад хүн өөр бодол, хүсэл, хэрэгцээтэй байж болдгийг тэр бүр ойлгохгүгээс болж нөгөө хүний оронд өөрийгөө тавьж сэтгэж чадахгүй байж болно.

5. Сэтгэл хөдлөлийг ойлгох ба илэрхийлэх
Сэтгэл хөдлөл нь нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг ч аутизмтай хүмүүст сэтгэл хөдлөлийг таньж, ойлгож, илэрхийлэхэд хэцүү байдаг.

  • Сэтгэл хөдлөлийг таньж мэдэхийн хүндрэл: Тэд өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж чаддаггүй. Жишээ нь, аутизмтай хүн санаа зовж байгаагаа хэлж чадахгүй, эсвэл өөр хэн нэгэн сэтгэл дундуур байгааг олж харж анзаарч чадахгүй байж болно.
  • Сэтгэл хөдлөлөө зохицуулахын бэрхшээл: АХЭ-тэй хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хэтрүүлэгтэй, орчин нөхцөлдөө тохиромжгүй үйлдэл хийж болно. Жишээ нь, аутизмтай хүн бага зэргийн асуудлаас сэтгэл санааны хямралд хүрч болно.
  • Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх: Баярласан үедээ инээмсэглэж, эсвэл тодорхой нэг мэдрэмжид тохиромжтой дуу хоолой гаргах гэх мэт нийгэмд зохистой арга замуудыг мэдэхгүйгээс өөрийгөө зөв илэрхийлж чаддаггүй.

6. Нийгмийн орчинд төсөөлөн бодох чадвар ба уян хатан байдал
Нийгмийн харилцаа нь ихэвчлэн бүтээлч сэтгэлгээ, уян хатан байдал, ургуулан бодох чадварыг шаарддаг бөгөөд энэ нь аутизмтай хүмүүст хэцүү байдаг. Тухайлбал:

  • Ургуулан бодох чадвар хязгаарлагдмал: Дүр эсгэх, зохиомол үйл явдлыг ойлгох, тухайн нөхцөл байдал дахь нийгмийн боломжуудыг олж харахдаа бэрхшээлтэй байдаг. Жишээ нь, киноны жүжигчдийг бодит амьдралд үнэхээр тухайн кинонд гардаг шиг байдаг гэж боддог.
  • Уян хатуу биш сэтгэлгээ: Аутизмтай олон хүн дэг журмыг эрхэмлэдэг бөгөөд өөрчлөлтөд дургүй байдаг. Тэд нийгмийн шинэ, эсвэл санаанд оромгүй нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхдээ буруу зан үйл гаргаж, өөрийгөө хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байж болно. Жишээ нь, тэмцээн уралдаанд өөрийгөө түрүүлнэ гэж бодож байтал хожигдвол маш их бухимдаж, зохисгүйгээр биеэ авч явдаг.

7. Нийгмээс тусгаарлагдах, зожигрох байдал
Олон нийтийн орчинд тулгардаг бэрхшээлүүдээс болоод АХЭ-тэй олон хүн нийгмийн харилцаанаас бүрмөсөн зайлсхийдэг болдог.

  • Ганцаараа байхыг илүүд үзэх: Аутизмтай зарим хүн олон нийтийн үйл ажиллагаанд оролцохын оронд ганцаараа цагийг өнгөрөөхийг илүүд үздэг. Энэ нь улам нийгмээс тусгаарлаж, бусадтай харилцаагаа алдахад хүргэж болно.
  • Нийгмийн нөхцөл байдлаас зайлсхийх: Хэрэв олон нийтийн харилцаа нь байнга сэтгэл түгшүүр, төөрөгдөл төрүүлдэг бол аутизмтай хүмүүс ийм нөхцөл байдлаас бүрмөсөн зайлсхийдэг болж болох бөгөөд энэ нь тэдний нийгмийн хөгжилд цаашид саад болдог.

Нийгэмшлийн дутагдал нь АХЭ-ийн онцлог шинж бөгөөд хүн хүнд энэ дутагдлын хэмжээ, илрэл өөр өөр байдаг. Эдгээр бэрхшээл нь харилцаа, сурлагын амжилт, нийгмийн оролцоонд нөлөөлж болно. Гэхдээ тохиромжтой дэмжлэг, эмчилгээ, зохицуулалт хийснээр аутизмтай хүмүүс нийгмийн ур чадвараа сайжруулж, утга учиртай харилцаа тогтоож чадна. Нийгмийн ур чадварын сургалт, хэл ярианы засал, нийгмийн харилцааг сайжруулахад төвлөрсөн арга хэмжээнүүд нь АХЭ-тэй хүмүүст нийгмийн амьдралын нарийн түвэгтэй байдлыг даван туулахад нь тусалж чадна. Эдгээр бэрхшээлийг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь аутизмтай хүмүүст илүү таатай орчныг бүрдүүлэхэд нэн чухал юм.