Шинж тэмдэг

Аутизмын хамгийн гол шинж бол харилцаанд оролцох чадваргүй буюу чадвар сул байх явдал байдаг. Нярай байх үеэсээ аутизмтай хүүхэд ээжийгээ хараад инээдэггүй, шулганадаггүй, гараа сарвайдаггүй, ганц юм руу удаан хугацаагаар анхаардаг байж болдог. Эсвэл хэвийн хөгжил явагдаж байснаа гэнэт дотогшоо орж нийгмийн харилцааг сонирхохгүй болдог. Аутизмтай хүүхдийг нэрээр нь дуудахад эргэж хардаггүй, хүний нүд рүү харахаас зайлсхийдэг байж болно. Жишээлбэл, хүүхдийг дуудахад эргэж харахгүй мөртлөө “…. чихэр өгье” гэхээр эргээд хардаг. Энэ нь нэг талаас хүүхэд өөртөө хэрэгтэй үедээ л эргэн харж, дуртай дургүй зүйлээ ялгаж салгаж байгаа боловч өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд л эргэж харснаас биш, харьцахын тулд хараагүй байдаг.

Аутизмтай хүн өөртэй нь ярьж байгаа хүний хоолойны өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнийг ойлгодоггүй учраас бусдын бодол, сэтгэлийн байдлыг ойлгохдоо тааруу. Аутизмтай хүүхэд бусдын оронд өөрийгөө тавьж чаддаггүй учраас бусдыг өрөвдөх чадвар дутуу байж болно. Аутизмтай хүүхдээс “Үзэж байгаа номоо надад харуулаач” гэж хүсэхэд тэр номоо өөр рүүгээ харуулаад, нөгөө хүн рүү номоо эргүүлж харуулахаа мэдэхгүй байх жишээтэй.

Аутизмтай хүүхдүүдийн 30 хүртэл хувь нь огт ярьдаггүй ч ихэнх нь тодорхой хэмжээнд хэлд ордог. Гэхдээ хэлний хөгжил нь хоцордог буюу хэлийг буруу ашиглах нь элбэг. Жишээлбэл, бүх юмыг нэрлэж чадаж байгаа боловч мэддэг үгсээ харилцаанд ашиглахдаа бэрхшээлтэй тулгардаг. Эсвэл хүний хэлсэн өгүүлбэрийг өөрийн болгохгүйгээр хэвээр нь давтаж хэрэглэдэг. “Сүү ууя” гэхийн оронд “сүү уух уу” гэх жишээтэй. Мөн “би, чи” гэх мэт төлөөний үгсийг хэрэглэхгүй өөрийгөө нэрээрээ хэлдэг.

Аутизмтай хүүхэд давтамжтай хөдөлгөөн, үйлдэл хийдэг байж болно. Байран дээрээ эргэлдэх, урагшаа хойшоо найгах, гараа сэгсэрч савах, өлмий дээрээ явах гэх мэт. Зарим нь өөртөө хортой үйлдэл буюу толгойгоороо юм мөргөх, гараа хазах зэрэг үйлдэл хийдэг.

Аутизмтай хүүхэд бусад хүүхэдтэй хамтарч тоглох ухаанаа олдоггүй. Ярианых нь өнгө, аялгуу хиймэл мэт, сэтгэлийн хөдөлгөөнгүй мэт байж болно. Бас нарийхан хоолойгоор ярьдаг тохиолдол их. Ярианых нь сэдэв цөөн бөгөөд нөгөө хүнд нь сонирхолтой эсэхийг үл харгалзан өөрийнхөөрөө л ярьсаар байж болно.

Аутизмын шинж тэмдгүүд хүүхдийн хэлд орж, цэцэрлэгт хамрагдах насанд буюу 2 настайгаас улам илэрхий болдог. Тухайлбал хэл яриа, дохио зангаа зэрэг харилцааны бусад аргыг хэрэглэж мэдэхгүй, нэг хэвийн байдлыг шаарддаг, өөрчлөлтөд дургүй, хязгаарлагдмал сонирхолтой, давтамжтай үйлдэл хийдэг, хэт хурц мэдрэхүйтэй байдаг байна. Аутизмыг сайн мэдэхгүй хүмүүст ийм хүүхдүүд хэнэггүй, зожиг, дураараа гэх мэт буруу ойлголт төрүүлдэг. Аутизм гэхээр шууд л гаднаасаа ямар нэг байдлаар танигдах байх гэж бодвол эндүүрэл. Хүссэнээ авах гэж орилно, хүсэл нь биелэхгүй бол уйлна, зарим нь 4-5 нас хүрсэн ч ярихгүй, зарим нь ойлгогдохгүй хэлээр шулганах зэрэг нийтлэг төрх ажиглагддаг. Харилцаанд орохгүй байгаа, өөрийгөө тусгаарладаг хүүхдүүд эргэн тойронд тань байвал заавал мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

 

Шинж тэмдгүүд 3 хүртэл нас

  • Инээх инээмсэглэх нь ховор
  • Дуу авиа, нүүрний хувирлыг дуурайдаггүй
  • Шулганадаггүй, гангадаггүй
  • Нэрээр нь дуудахад хариу үзүүлэхгүй
  • Нүд рүү хардаггүй
  • Өөртөө анхаарал татах гэж оролддоггүй
  • Дохио зангаа хэрэглэдэггүй
  • Солгой баруун нь мэдэгддэггүй
  • Хэвийн бус байдлаар суудаг, зогсдог
  • Гар хөлөө өвөрмөц байдлаар хөдөлгөдөг
  • Хариу үйлдэл удаан

 

Шинж тэмдгүүд 3-6 нас

  • Нүүр рүү, нүд рүү хардаггүй
  • Дуудахад сонсоогүй юм шиг байдаг
  • Хэлд орохгүй, оройтож хэлд орно, давтаж хэлдэг
  • Тоглоомоор тоглохгүй
  • Тоо, үсэг, дүрсэнд хэт дурладаг
  • Дохио зангаа ойлгодоггүй
  • Давтамжтай үйлдэл хийдэг /гараа сэгсрэх, эргэлдэх…/
  • Нэг хэвийн байдлыг шаарддаг
  • Гар хөлөө эвгүй нугалж эвхдэг
  • Хөдөлгөөний эвсэлгүй

 

Танай хүүхдэд доорх шинж тэмдгүүд илэрч байна уу?

 

Нийгмийн харилцаа талаас

  • Хүний нүдрүү эгцэлж хардаггүй
  • Үеийнхээ хүүхдүүдтэй хамтарч тоглодоггүй
  • Нийгмийн дэг журмуудыг ойлгодоггүй
  • Дуудахад эргэж харахгүй, дүлий мэт байдаг
  • Аюулаас айж болгоомжлохгүй, хаширлахгүй байдаг
  • Зохисгүйгээр инээдэг, уйлдаг

 

Хүмүүстэй харилцах талаас

  • Хэлд орохгүй буюу оройтож хэлд ордог
  • Хэлд орсон ч хэлийг хэрэглээ болгодоггүй
  • Дохио зангаа, нүүрний хувирлыг ойлгодоггүй, хэрэглэж мэддэггүй
  • Бусдын хэлсэн үгийг давтан хэрэглэж, өөрийн зүгээс хариулт хэлж мэддэггүй

 

Давтамжтай үйлдэл, хязгаарлагдмал сонирхол талаас

  • Шинэ орчин нөхцөлд дасан зохицдоггүй
  • Нэг хэвийн дараалал, байрлал, байдлыг шаарддаг
  • Нэг үг, өгүүлбэрээ маш олон удаа давтаж хэлдэг
  • Нэг л тоглоом буюу эд зүйлээр зориулалтаар нь бус тоглодог
  • Төсөөлөх, төсөөлөн тоглох чадваргүй
  • Нэг л асуултаа хариултыг нь мэдэж байсан ч дахин дахин асуудаг

 

Мэдрэхүйн талаас

  • Зарим дуу чимээ, ялангуяа чанга чимээнд дургүйцэж айдаг
  • Биедээ огт хүргэхгүй, эсвэл биедээ даралт мэдрэх дуртай
  • Цөөн нэр төрлийн хоол иддэг
  • Үнэрт хэт мэдрэмтгий, шинэ зүйлийг үнэрлэж үздэг
  • Өвдөлтийг хэт юмуу дутуу мэдэрдэг
  • Янз бүрийн дуу авиа гаргадаг

 

Эрүүл мэндийн талаас

  • Хоол боловсруулах үйл ажиллагаа нь алдагдсан
  • Харшилтай
  • Нойр муутай
  • Хүнсний бус зүйлийг иддэг
  • Хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт идэвхгүй
  • Гараа савах, өлмий дээрээ явах, байран дээрээ эргэлдэх гэх мэт хөдөлгөөн хийдэг

 

Сургуулийн нас

 

Танай хүүхдэд доорх шинж тэмдгүүд илэрч байна уу?

 

Нийгмийн харилцаа талаас

  • Харилцан ярианд ээлжээ хүлээдэггүй (тухайлбал ганцаараа л яриад байдаг, эсвэл яг өөрийнх нь тухай асуухаар хариулж чаддаггүй)
  • Ганц л дуртай сэдвээрээ яриад олон янзын сэдвээр ярихдаа бэрхшээлтэй болдог
  • Хүмүүсийн яриаг шууд утгаар нь ойлгодог (тухайлбал “бүсээ чангалаарай” гэвэл цаад зүйрлэсэн утгыг ойгохгүй өмднийхөө бүсийг чангалдаг)
  • Хоолойны өнгө, аялгуу нь сонин, хэл яриаг сонин хэлбэрээр ашигладаг (жишээлбэл нэг л хэвийн уйтгартай аялагаар, эсвэл гадаад хүн ярьж байгаа юм шиг ярьдаг)
  • Үгийн баялаг ихтэй, албархуу, хуучинсаг маягаар ярьдаг
  • 1, 2-оос олон алхамтай даалгавар гүйцэтгэхдээ хүндрэлтэй болдог
  • Биеийн хөдөлгөөн, хоолойны өнгө зэрэг үгэн бус харилцааны аргуудыг ойлгохдоо муу учраас бусдын сэтгэл санааны байдлыг ойлгохдоо ядмаг
  • Хүний нүд рүү хардаггүй, эсвэл сонин байдлаар хардаг (хүнтэй юм ярих үедээ нүд рүү нь харахгүй дальдрах жишээтэй)
  • Нүүр царайгаараа сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ муу, бусад хүний нүүр царайны илэрхийллийг ойлгодоггүй
  • Өөрийгөө илэрхийлэхдээ дохио зангаа бараг хэрэглэдэггүй
  • Найзуудтайгаа биш, ганцаараа байх хандлагатай
  • Тоглоомонд бусад хүүхдийг өөрийнхөө дүрмээр тоглуулах гээд байдаг
  • Найз нөхөрлөлийн үндсэн зарчмуудыг ойлгодоггүй
  • Маш цөөн найзтай, эсвэл жинхэнэ найзгүй
  • Үеийнхээ хүүхдүүдтэй харилцахдаа бэрхшээлтэй, өөрөөсөө бага насны юмуу том хүмүүстэй илүү харьцдаг
  • Нийгмийн төрөл бүрийн нөхцөл байдалд өөрийгөө зохицуулахдаа муу

 

Зан үйл талаас

  • Өвөрмөц сонин зүйл сонирхдог (галт тэрэгний хуваарь цээжлэх, янз бүрийн лого цээжлэх гэх мэт)
  • Заавал хийдэг зан үйлүүдтэй байдаг (эд юмсыг өрж тавих, гэрийн бүх хаалгыг хаалттай байлгах гэх мэт)
  • Хэт мэдрэмтгий буюу амархан хямардаг
  • Тодорхой нэг эд зүйлд дуртай байдаг (нэг тоглоомоо хаа ч явсан аваад явдаг гэх мэт)
  • Өөрчлөлтөнд хямардаг, байдлыг нэг хэвэнд байлгах дуртай(хоолны ширээнд суухдаа нэг л газраа суух, ямар нэг зүйлийг тогтсон дарааллаар л хийх гэх мэт)
  • Гараа сэгсрэх, биеэрээ найгах гэх мэт хөдөлгөөн хийдэг
  • Сонин хачин дуу авиаг давтамжтай гаргадаг
  • Мэдрэхүй нь хэт мэдрэмтгий (зарим дуу чимээнд дургүй, цөөн нэр төрлийн хоол иддэг гэх мэт)
  • Биедээ даралт мэдрэх, чичиргээтэй юмыг барих гэх мэтээр сонин мэдрэмж авах дуртай

 

Бусад шинж тэмдэг

  • Нойронд муу байдаг (унтах гэж уддаг, өглөө эрт сэрчихдэг гэх мэт)
  • Түгшүүртэй, санаа зовсон байдал ихтэй байдаг (шинэ газарт очихдоо, шинэ хүмүүстэй уулзахдаа, шинэ орчин нөхцөлд очихдоо маш их сандардаг, тавгүй болдог гэх мэт)
  • Сэтгэл гутралын байдалтай байдаг (өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдээд, бусад хүн өөрт хэрхэн хандаж байгааг анзаарч сэтгэл зүйн хувьд хямарч байдаг. Ялангуяа шилжилтийн насанд энэ байдал нь бүр их ажиглагддаг)
  • Догшин зан авир гаргадаг (мэдрэмж нь цочирсоноос, эргэн тойрноо ойлгож ядсанаас хямарч догшин зан авир гаргах тохиолдол байна)
  • Хоолны дэглэм муутай (сэтгэл гутралын байдлаасаа болж өөрийгөө тайвшруулах гэж их иддэг)
  • Сургуульдаа явах дургүй, эсвэл явахгүй гэж татгалздаг (найз нөхөдгүй, ойлгомжгүй, мэдрэхүйг нь ядраадаг гэх мэт шалтгаанаар сургуулийн орчин өөрт нь хэт ачаалал өгдөг учраас)

Насанд хүрэгчид

 

Хэрвээ танд доорх шинжүүд бүгд байдаг ба амьдралд тань саад бэрхшээл учруулдаг бол аутизмын нэг төрөл болох Аспергерийн хам шинжтэй байх магадлалтай учраас мэргэжлийн байгууллагад хандаарай.

  1. Нийгмийн янз бүрийн нөхцөл байдал миний хувьд ойлгомжгүй байдаг
  2. Уулзангуутаа яриа эхэлж хүнтэй ярилцах нь боломжгүй санагддаг
  3. Аливаа хүнтэй ярилцахдаа би өөрийн тухай, эсвэл өөрийн сонирхлын тухай ярих гээд байдаг
  4. Аливаа зүйлийн жижиг хэсэг (деталь) ба бодит баримт болсон мэдээллийг (факт) би амархан ойлгож тогтоож авдаг
  5. Бусад хүний бодол, сэтгэлийг таамаглаж, ойлгох нь надад хэцүү байдаг
  6. Зарим зүйл дээр би маш урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг
  7. Хүмүүс намайг бүдүүлэг гэж их хэлдэг ч би санаатайгаар бүдүүлэг байдаггүй
  8. Би цөөн зүйлийг маш гүн сонирхдог
  9. Би зарим зүйлийг тогтсон хэв маягаар, давтамжтай хийдэг
  10. Хүнтэй найз болох, найзлах надад их хэцүү байдаг