Үнэлгээ

Хүүхэд нь АХЭ-тэй хэмээн оношлогдсон эцэг эхчүүдийн хамгийн түрүүнд асуудаг зүйл бол ҮНЭЛГЭЭ байдаг. Үнэлгээ гэж юу вэ?, хэзээ хийлгэх вэ?, хэрэгцээ шаардлага ач холбогдол нь юу вэ?, манайд хаана хийдэг вэ? гэх зэрэг олон олон асуулттай тулгардаг нь бодит үнэн юм.

  • Үнэлгээ гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөгжлийн хоцрогдолтой байгаа хүүхдийн чадварыг тогтоох зорилготой цогц хөтөлбөр байдаг.
  • Үнэлгээг хэзээ хийлгэх вэ гэдэг дээр эцэг эхчүүд сайтар анхаарах хэрэгтэй. Үнэлгээг заавал хийлгүүлэхийг шаардахгүй. Учир нь үнэлгээ нь таны хүүхдийн одоогийн чадварыг тодорхой хэмжээгээр гаргаж өгдөг. /Тодорхой хэмжээгээр гэдэг нь хангалттай бүрэн гэсэн үг биш. Үнэлгээ хийлгэх өдөр тухайн хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдал, орчин нөхцөл, хоол унд зэрэг гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалж бүрэн үнэлгээ хийгдэхгүй байх талтай. Ялангуяа нэг удаагийн үнэлгээгээр бүрэн хангалттай гэж үзэх үндэслэлгүй/.
  • Олон улсад хийгддэг үнэлгээний зарчим нь таны хүүхдийн эзэмшсэн бодит чадварыг үнэлж гаргах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны хүүхдийн биологийн нас нь 3 гэж үзье. Тэгвэл хийлгэж буй үнэлгээний төрлөөс шалтгаалж эзэмшсэн чадварыг насчилж /сорилоос шалтгаалж тоо, нэгж, хувь гэх мэт өөр өөр байна/ гаргаж ирнэ гэсэн үг. Тодруулбал:
  • хэл яриа 1.8 нас
  • хөдөлгөөн 2.4 нас
  • танин мэдэхүй 2.0 нас
  • нийгэмшихүй 2.4 нас
  • өөртөө үйлчлэх чадвар 3.0 нас
  • нарийн булчингийн хөдөлгөөн …. нас гэх мэтээр хийлгэж байгаа үнэлгээний төрлөөс шалтгаалж биологийн болон сэтгэхүйн насыг гаргаж ирдэг.
  • Хэрэгцээ шаардлага юу вэ. Мэдээж та хүүхдийнхээ чадварыг тогтоохыг хүсэх байх. Гэхдээ заавал хийлгэнэ гэсэн үг биш. Олон улсын туршлага, эцэг эхчүүдийн байр сууринаас харахад үнэлгээг чухалчилдаггүй харин ч эхлээд хүүхдээ зөв таньж мэдэх, эцэг эх эхлээд асуудлаа олж харах нь хамгийн чухал хэмээн үздэг. Учир нь үнэлгээ хийлгэснээр асуудал шийдэгдэх бус харин хүүхдийнхээ тулгарч буй бэрхшээл, асуудлыг эхлээд эцэг эх олж харах нь чухал гэсэн санаа юм. Жишээ нь: Манай хүүхэд надад тэврүүлэх үйлдэл үзүүлэхгүй байна, намайг ээжийгээ гэж бодохгүй байна ийм нөхцөлд би яахаа мэдэхгүй байна гэх мэтчилэн сөрөг байдлаар ойлголттой байя гэж бодьё. Гэтэл хүүхэд энгийн хүүхэд шиг гараа өргөөд ээждээ тэврүүлье гэдэг дохио үйлдэл үзүүлэхийн оронд магадгүй хашгирдаг, нуугддаг байдлаар өөрийгөө илэрхийлдэг гэж үзье. Тэгвэл энэ бодит байдлыг үнэлгээ бус харин таны ойлголт, ажиглалт, анзаарга хамгийн түрүүнд мэдэх нь ач холбогдолтой болж ирдэг. Та хүүхдийнхээ бодит байдлыг өөрөө анзаарч зөв ойлголт, мэдлэгтэй болсоны дараа “энэ асуудлыг би ингэж шийдмээр байна, хэрхэн ажиллахаа мэдэхгүй байна, үүнийг яаж хөгжүүлэх вэ, манай хүүхдэд аль чадвар нь давамгай эсвэл сул байна вэ” гэдгээ мэдэхийн тулд дараагийн алхам нь үнэлгээ болж ирнэ гэсэн үг. Үнэлгээ хийлгэсний дараа “манай хүүхдэд энэ чадвар нь арай илүү байсан, эсвэл энэ тал руугаа илүү сонирхолтой байсан, тэгвэл би үүнийг сургахын тулд, эсвэл үүнийг заахын тулд энэ тал руу нь чиглэж ажиллах ёстой юм байна” гэж харах нь хамгийн зөв гарц болно.
  • Ач холбогдол нь 2 талтай. Хүүхдийнхээ чадварыг нарийвчилж мэдсэнээр та яг тэр чадвар, хэрэгцээнд нь тулгуурлаж ажиллах хэрэгтэй болно. Та зөв ажиллаж чадвал мэдээж сөөм сөөмөөр, эсвэл алхам алхмаар амжилт ирнэ. Аа үнэлгээ хийлгэсэн ч буруу ажиллах, зөв чиглэл, зөв ажиллах арга зүй дутвал хүүхдийг хямраах, эцэст нь өөрөө шантрах эрсдэлтэй.

Ингээд үзэхээр хүүхдээ аутизмтай эсэхийг оношлуулах хэрэгцээ шаардлага чухал байх хэдий ч үнэлгээ хийлгэх хэрэгцээ шаардлага заавал биш гэдгийг зөвөөр дүгнэх нь чухал болно.

Манай улсад үнэлгээ хийдэг газар бий. Энэхүү сайтны холбоо барих хэсэг рүү орж мэдээлэл авах боломжтой.