Бусдад зөвөөр ойлгуулах

[vc_row][vc_column][vc_column_text]Бусдад хэрхэн зөвөөр тайлбарлаж ойлгуулах вэ?

Хүүхэд тань өөрийгөө илэрхийлж бусадтай харилцах, нийгэмд олон нийтийн дунд биеэ хэрхэн зөв авч явах чадвар алдагдалтай байгаа тул эцэг эх та л тэдний тэр харилцах гүүр, чиглүүлэгч, асран хамгаалагч болох учиртай. Хүүхэд тань бусад хүүхэдтэй яаж харилцаж найзлах аргаа олохгүй байгаа учраас л найзтай болж чадахгүй, нийгмийн харилцаанд орохоос зайлсхийж байгаа. АХЭ-ийн тухай ойлголтгүй хүмүүс хүүхдийг тань тэр бүр ойлгож харилцах, тэдний гаргаж буй зан үйлийн шалтгааныг ойлгох боломжгүй тул тэр бүхэнд та хүүхдийнхээ хажууд байж дэмжиж чиглүүлж өгч байх нь чухал.

АХЭ-тэй хүүхдүүдийн гаргаж буй зан үйл нь цаанаа заавал ямар нэг учир шалтгаантай байгаа. Өөрийгөө бусдад тайлбарлах, зөв ойлгуулахад нь байнга хамт дотно байдаг эцэг эх гэр бүл л тайлбарлаж өгч чадна. Бас бусдад гадуурхагдаж, зэмлүүлж, эвгүй байдалд орох, аюулд орохоос сэргийлж чадна.

  • Нийгмийн харилцаа

Зарим эцэг эх, багш нар АХЭ-тэй хүүхдийг нэн даруй үгэндээ оруулах гэж зүтгээд, дийлэхгүй болохоороо уг хүүхдийг эрхлүүлж, эвдэж гүйцлээ гэж боддог. Ийм хүүхдээр хүссэнээ хийлгэх гэж тушаах, эсвэл хийж байгаа зүйлийг нь болиулах гэж тушаах, хэлсэн даруйдаа үгэндээ оруулах гэж оролдвол ямар ч үр дүнд хүрэхгүй, аль аль нь уур цухлаа барж, эцэстээ хүчирхийлэлд хүрэх аюултай. Хүүхдийн зан байдлыг удирдах үр дүнтэй арга бол та өөртөө төдийлөн чухал биш ч уг хүүхдэд чухал зүйл дээр буулт хийж сурах явдал юм. Ингэснээрээ эцэг эх, багш, эмч бусад хүмүүс хүүхдийн итгэлийг олж, аажим аажмаар түүний хайрыг хүлээж, илүү үр бүтээлтэй харилцааг бий болгоно.

  • Орчны нөлөөлөл

Аутизмтай хүүхдүүд юу болох гэж байгааг амархан мэдэж болдог энгийн, ойлгомжтой орчныг л хүсдэг. АХЭ-тэй хүүхдийн хувьд хүрээлэн байгаа орчин нь тэдний хүссэнээр байх нь ховор байдаг. Тэд шинэ орчин, шинэ зүйл, өөрчлөлт, нэг үйл явдлаас нөгөө рүү шилжих шилжилтийг хүлээж авахдаа удаан буюу хөшүүн, дасан зохицох чадвар сул байдаг. Үнэндээ ийм хүүхдүүд хүрээлж буй орчноо өөртөө ойлгомжтой байлгах гэж, тэвчиж болмоор байлгах гэж, ямар байх ёстой тийм л байгаасай гэж л чармайж байгаа нь тэр. Хэрэв өдөр тутмын дадсан нөхцөл байдал нь өөрчлөгдвөл, зан ааш нь хөдөлж, эцэг эхээсээ бүх юмыг хуучин байсан байдалд нь оруулахыг хүснэ. Зарим АХЭ-тэй хүүхэд мэдрэхүйн хэт ачаалалаас хамаарч орчноо солихдоо, шинэ орчинд орохдоо, олон нийтийн газраар үйлчлүүлэх үедээ тухайн газарт орохоос зайлсхийх эсвэл очихыг эрс эсэргүүцэх зэрэг үйлдлүүд гаргадаг. Эсвэл хэсэг дасах хугацаа шаардлагатай байх үе ч байдаг. Энэ нь тэдний хурц мэдрэхүйтэй холбоотой. Жишээ нь: нам давтамжтай дуу чимээ, хурц тод гэрэл эсвэл анивчсан гэрэл, таалагдаагүй үнэр болон амт гэх мэт. Мөн ийм хүүхдүүд өмнө нь очоод ямар нэг байдлаар айдас түгшүүртэй, тааламжгүй санагдсан газраасаа дараа нь эрс татгалзаж, зугтах, зайлсхийх нь түгээмэл байдаг. Хүүхдийн шаардаж байгаа зарим зүйл таны хувьд төдийлөн утга учиртай биш санагдавч, хүүхдэд тэр нь чухал ач холбогдолтой байх тул түүнийг нь биелүүлснээр түүнд орчноо айдасгүй хүлээж авахад тус болно. Ингэсэн тохиолдолд тэр орчноо өөртөө зохицуулах гэж цухалдах, цохих, хазах, өөрийгөө бэртээх шаардлагагүй болно.

Анги танхим ба гэр орны орчны зохион байгуулалт, ялангуяа физик орчин, цагийн хуваарь, шилжилт, сургалтын болон оношлогооны аргачлалуудыг зөв зохион байгуулснаар зан төлөвийн бэрхшээлтэй олон асуудлаас урьдчилан сэргийлж болдог. Сайн зохион байгуулсан орчинд хүүхдийн эерэг зан үйл нэмэгдэж, сөрөг зан үйлийн тоо буурах хандлагатай байдаг тул орчны зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй. Өөр өөр төрлийн үйл ажиллагаанд, өөр өөр өрөө тасалгаа буюу талбай гаргаснаар тэрхүү орчин нөхцөлд тохирох зан үйлд дэм болох юм.[/vc_column_text][porto_testimonial label=””]АХЭ-тэй хүүхдүүдийн гаргаж буй зан үйл нь цаанаа заавал ямар нэг учир шалтгаантай байгаа. Өөрийгөө бусдад тайлбарлах, зөв ойлгуулахад нь байнга хамт дотно байдаг эцэг эх гэр бүл л тайлбарлаж өгч чадна. Бас бусдад гадуурхагдаж, зэмлүүлж, эвгүй байдалд орох, аюулд орохоос сэргийлж чадна.[/porto_testimonial][/vc_column][/vc_row]